Extension by best poker site the nr. 1 poker site.

Увсын зааны хүү Улсын заан Д.Бумбаяр

Хэвлэх

MongolNews.mn  Р.ЧУЛУУН

“Увс  нуур”  дэвжээнд  2014  оны  дөрөвдүгээр  сарын  26-нд  аймаг,  цэргийн  цолтнууд  тэргүүлсэн  барилдаан  үзлээ.  Тэнд  олон  жилийн  өмнө  хэдэнтээ  уулзаж  явсан  цөөнгүй  хүнтэй  таарч  мэнд  мэдэлцэж,  хууч  дэлгэсний  зэрэгцээ  огт  уулзаж  үзээгүй  эчнээ  гадарлах  цөөн  эрхэмтэй  таарсан  минь  үзэг цаас нийлүүлэхэд ташуур өгөв. Дамирангийн  Бумбаярыг  нийслэлд  суурьшиж  спортын  замналаа  эхэлж,  барилдааны  нэг  биш  төрлөөр  хичээллэж түмэн олонтой танил  болсныг багцаалддагийн  хувьд,  түүний  эцэг  Дамирантай  уулзаж  танилцах  санаа  аль  эртнээс төрсөн ч төөрөг нь сая тохиов.  С.Дамиран  насаар  надаас  аяганы  ах  юм  байна.  Харваас  нүдэнд  дулаахан  хүдэр  сайхан  эр.  Үеийн  хоёр  хөгшний  үг хэл төдхөн эвлэж, багахан хугацаанд  чамлалтгүй  сонин  сайхныг  түүнээс  сонс соноо уншигч олонтой хуваалцъя

-Би  насаараа  жолоо  мушгисан.  Ажил  төрлөөс  болоод  аймагт  цөөхөн  барилдсан.  Хөгшин бид хоёр Тэс сумынх. Баруунтурууны  САА, Тэсийн тэжээлийн аж ахуйд олон жил  ажилахдаа  ойролцоох  сумдын  наадамд  л  барилдаж явлаа, залуудаа. Миний ах Юнрэн  аймгийн  арслан  цолтой.  Бид  хоёр  сумын  наадамд  их  олон  түрүүлсэн,  тэрүүхэндээ. Манай  хүүхдүүд  эрийн  гурван  наадмыг  эрхэмлэн  дээдэлж  өссөн.  Миний  найман  хүүхдээс одоогоор нэг нь улсын заан, нэг нь  улсын  мэргэн,  нэг  нь  аймгийн  алдарт  уяач  болчихоод  байна.  Та  энэ  зааны  тухай  нэг  биш удаа бичиж байсан болохоор олон юм  яриад яах вэ.

Охин  дүү  Норжмаа  нь  үндэсний  сур  харва:ж  байгаа.  Улсад  түрүүлж,  аман  хүзүүдэж,  айрагддаг  болсон  мэргэн.  Цаашдаа  харвах  нас,  хүч,  туршлагатай  гэж  бодож  суугаа.  Миний  нэг  хүү  Баатархүү  одоогоор  аймгийн  алдарт  уяач.  Адуу  мал  нь  чанаржиж  эхэлсэн  улсын  хэмжээний  уяач  болохыг  нь  манайхан  аминдаа  хүлээж  харж,  дэмжиж  явдаг.  Тэр  хүсэл  биелбэл  нэг  айлын  гурван  хүүхэд  Монголынхоо  үндэсний  баярын  тулгуур  гурван  төрлөөр  улсын алдар цолтой болох бололцоотой. Та  нэг айлын хүүхдүүд бөх, сур, мориор улсын  алдар,  цолд  хүрснийг  сонсож  мэдсэн  үү  хэмээн гэнэтхэн асуулаа шүү.

-Би эрийн гурван наадмыг нэлээд  гадарладаг ч тийм содон баримтыг  танаас анхлан сонслоо Та лут хүүхдүүдтэй, хүүхдүүдийнхээ авьяасыг  сайхан хөгжүүлж, иргэний үүргээ, нэр  төртэй биелүүлэн сэтгэл хангалуун аж  төрж байгаа юм байна. Улсын заан  хүүгийнхээ талаар арай дэлгэрэнгүй  ярьж өгөөч?

-Бумбаяр  дээрээ  хоёр  ах,  нэг  эгчтэй,  дөрвөн  дүүтэй.  Юмны  учир  тохиол  сонин  шүү  дээ.  Домогт  их  аварга  Х.Баянмөнхийг  улсын  наадамд  анх  түрүүлдэг  жил  гарсан  хүү  л  дээ.  Бөхийн  зам  руу  хөтөлсөн  ачтан  нь  мөн  л  Х.Баянмөнх  аварга.  Аравдугаар  ангиа  төгсөөд  Тэсийн  тэжээлийн  аж  ахуйд  трактор  бариад  явж  байсан  хүүг  минь  аварга  Улаангомд  дуудуулж  уулзаад  Улаанбаатарт  очиж  бөхийн  эрдэм  сурахыг  зөвлөсний  дагуу  миний  хүү  20  настайдаа  нийслэлд  ирсэн.   Бүр  тодорхой  хэлбэл  1988 оны тавдугаар сарын 28-наас энэ хүн  Улаанбаатарт  бүл  нэмсэн  дээ.  Хотын  хүн  болоод хоёр сар ч бололгүй улсын наадамд  зодоглоод  хоёр  давчихсан  байгаа  юм  аа,  бас.  Гурвын  даваанд  миний  хүүг  амлаж  авсан улсын заан Б.Бат-Эрдэнэ тэр жил анх  удаагаа ес давж босоо үлдэн улсын арслан  болсныг сонсоход сайхан л байсан даа. Хүү  минь  түрүүлэх  бөхөд  л...  гэж  бодогдоод.  Түрүүлэх бөхөд гэснээс үүдээд бас нэг юм  хэлье.  1991  оны  наадмаар  хүүгээ  улсын  цолд хүрч магадгүй гэж бодож суулаа. Гурав  давсны  дараа  бас  нэг  заан  О.Балжинням  амалж  аваад  хаячихлаа.  Очиж  очиж  миний  хүүг  гэж  бодох  зуур  наадам  өндөрлөж,  нөгөөх  О.Балжинням  түрүүлж  бас  сэтгэл  уужирсан удаатай. За тэгээд манай хүүгийн  улсын  начин  болдог  1993  оны  наадмаас  хойшихыг  та  надаас  илүү  дэргэдээс  үздэг  хүнд олон юм яриад яахав. 

-Миний үзэх, мэдэх ч яах вэ.  Увсын зааны хүү Улсын заан болсон  барилдааны тухай та нэг дурсаач,  түүнээс хойш олон наадам өнгөрч. 

-Тэр  наадмыг  бид  яаж  мартах  вэ.  2001  оны  наадам  шүү  дээ,  Миний  хүү  чинь  дөрвийн  даваанд  одоогийн  улсын  аварга  Г.Эрхэмбаярыг  аймгийн  цолтой  байхад  нь,  тавын  даваанд  Сэлэнгэ  аймгийн  арслан  Ганзоригийг,  зургаагийн  даваанд  улсын  начны  болзол  хангасан  Төв  аймгийн  Б.Бадам-Очирыг  хаясны  дараа  долоогийн  даваанд  Б.Гантогтохыг  даваад  улсын  заан  болсон. Таны асууснаар хэлэхэд Увсын заан  2001  оны  долдугаар  сарын  12-нд  улсын  заан хүүтэй болж таарсан байна даа гэв. Спортын  амжилт  гаргах  нас  харьцангуй  богинохон  Тэр  жам  ёсны  дагуу  улсын  заан  Д.Бумбаяр  тамирчны  хөдөлмөрөө  дасгалжуулагчийн ажлаар солиод удаагүй ч  хийж  бүтээсэн  зүйлтэй  болжээ.  Тэр  тухай  нь сонсохоор заанд хандахад

-Та манай “Алдартан” клубийн  бэлтгэл, эсвэл “ Увс нуур” дэвжээний  барилдаан дээр очоод үзвэл зүгээр  байна. Нүдээрээ харвал дээр биз. Нэг  барилдаантай үед танд хэлье гэснээ  биелүүлсэн өдөр, заан.

-Манай  багш  Х.Баянмөнх  аварга  “Залуу  нас  мөнх  биш.  Та  нар  хэдэн  жил  сайхан  барилдаад  дараа  нь  юу  хийхээ  бодож  төлөвлөж  бай,  сурч  мэдсэн  зүйлээ  бусдад  зааж сургахыг би буянтай ажил гэж боддог”  хэмээн үе үе хэлдэг нь туйлын үнэн байжээ.  Би  33-тайдаа  заан  болж  байлаа.  Түүнээс  хойш  л  хүмүүст  тустай  юу  хийх  вэ  гэж  бодсоор  бөхийн  “Алдартан”  клубийг  найз  нөхдийн дэмжилгээр байгуулсан. Би Тэсийн  юм уу, Увсын заан биш. Би улсын заан цолтой  бөх.  Тиймээс  “Алдартан”-д  зөвхөн  Увс  аймгийн  хүүхэд  залуучуудыг  хичээллүүлэх  нь явцуу, буруу гэж бодоод, ер нь барилдах  сонирхолтой хүүхэд, залуучуудыг анхнаасаа  нутаг  нуга  гэлгүйгээр  сургаж  дасгалжуулж  эхэлсэн.  Ирэх  жил  клубийн  10  жилийн  ой  болно. “Алдартан”  клуб  2005  оны  гуравдугаар  сарын  17-нд  байгуулагдсан.  Тэр  зун  Увс  аймгийн анхны цэцэрлэг байгуулагдсаны 60  жилийн  ой  тохиож  таарлаа.  Манай  клубээс  тэр  цэцэрлэгийн  64  хүүхдэд  бүгдэд  алтан  медаль  зүүж  өгсөн.  Тэр  нь  Монголд  анх  удаа  болсон  зүйл.  Хүүхдийг  баярлуулах  “Алдартан” дэвжээний өгөөж хишгийг алтан  медалиар эхэлсэн дурсгалтай ажил болсон,  тэр. 2008 онд үндэсний бөхийн залуучуудын  барилдаанд  Т.Баасанхүү,  Д.Хүдэрбулга,  Д.Цэндсодном нартай оролцож ажлын дүндээ  урамшиж  эхэллээ.  2009  онд  Д.Хүдэрбулга  бага  насанд  мөнгө,  Т.Аззаяа  (ахлах  нас)  хүрэл  медаль  аваад  багаараа  түрүүлэн  би  дасгалжуулагчийн  анхны  алтан  медалиа  зүүлээ. Уламжлалт тэмцээн 2010 онд Увсад  болоход  мөн  Д.Хүдэрбулга  түрүүлж,  бага  насанд  Л.Энхсаруул  дөрөвдүгээр  байр  эзлэн  багийн  дүнгээр  мөнгөн  медальтай  боллоо.  Энэ  мэтчилэн  үндэсний  бөхийн  хүүхдүүд  2011,  2012,  2013  онд  болсон  өсвөр,  залуучуудын  барилдаанд  багаараа  тогтмол сайн барилдаж медалийнхаа бухиаг  үргэлжлүүлсээр  байна.  Манай  клубийн  бөхчүүдийн  амжилтад  самбо  жүдогийн  дасгалжуулагч Г.Барсүрэн, үндэсний бөхийн  дасгалжуулагч  Ц.Цэдэндамба,  чөлөөтийн  Н.Баярмагнай,  Х.Баярнэмэх  нарын  хөдөлмөр  зүтгэлийн  шим  шингэж  байдгийг  хэлье. Клуб байгуулагдсанаас хойш чөлөөт,  жүдогийнхноос  олон  улсын  зэрэг  цолтон  одоогоор  гурав  тодроод  байна.  Миний  санаачлан  байгуулсан  бөхийн  клубийг  “Увс  нуур”  галынхан  дэмжиж  ажилладаг  болсноор бөхийн буянаар сурсан мэдсэнээ  залууст  өвлүүлье,  өөрийн  аваагүй  цолны  эздийг  бэлтгэлцье,  бөхийг  дэмждэг  ард  түмнээ баярлуулъя гэсэн зорилгоо биелүүлж  байна.  “Увс  нуур”  галаас  улсын  аварга,  арслан,  харцага,  начин  сүүлийн  жилүүдэд  дараалан  төрлөө.  Өнгөрсөн  наадмаар  гэхэд  “Алдартан”  клубийн  Н.Батсуурь  харцага,  Т.Баасанхүү  улсын  начин  боллоо.  Үндэсний барилдаанаар медаль цуглуулсан  Д.Хүдэрбулга  минь  Азийн  аварга  шалгаруулах тэмцээнд чөлөөтөөр түрүүлсэн  тухай сайхан мэдээг монголчууд дөнгөж сая  сонсож байна. Доржхандын Хүдэрбулга Төв  аймгийн хүүхэд л дээ. Одоо шигшээ багийн  тамирчин болоод “Алдартан” клубээр биш,  Монгол  Улсаар  овоглон  барилдаж  яваа  нь  сайхан байна. 

Жүдо,  самбо  барилдаанаар  олон  улсын  хэмжээний  тамирчин  болсон  Батаагийн  Сайнбуян  бөх  сонирхогчдыг  дахиад  ч  баярлуулж  мэднэ.  Энэ  охин  надтай  багш,  шавийн  төдийгүй  миний  төрсөн  ахын  охин.  Шавь  нараас  одоогоор  олны  мэдэх  болсноос  олон  улс,  улсын  алдар  цолонд  хүрсэн  хэдхэн  хүүхдийн  тухай  ярилаа.  Клубийн  арван  жилийн  ойгоор  хэлэх  зүйл  нэмэгдэх  байх.  Тив,  дэлхийн  тэмцээнүүд  байна.  Наадам  ч  дөхлөө  гээд  Д.Бумбаяр  яриагаа өндөрлөх нь ээ.

  Шүүхийн  шийдвэр  гүйцэтгэх  ерөнхий  газрын  биеийн  тамир,  соёл,  олон  нийтийн  төвийн  дарга,  ОХУ-ын  Тувагийн  гавьяат  ажилтан,  Монгол  Улсын  “Алтан  гадас”  одонт, хошууч Тэс сумынхаа 90 жилийн ойг  сэтгэл  догдлон  хүлээж  байгаа  нь  мэдээж.  Монгол  Улсын  сумдаас  хамгийн  олон  бөхтэйд  тоологддог  Тэсийн  70,  80  жилийн  ойн  барилдаанд  түрүүлчихээд  яваа  улсын  заан  Д.Бумбаяр  90  дэх  жилийн  наадамдаа  харваач, уяач дүү нараа дагуулаад очих нь  дамжиггүй.  Тэсийн  хүргэн  аварга  цолтой  бөхчүүд ч тэнд наадаж мэднэ. Таван Тэсийн  тамиртай  залуусын  наадам  ч  дөхлөө.  Улсын  зааны  эцэг  Увсын  заан  Санжийн  Дамирангийнхан  үе  үеэрээ  олон  наадам  үзэж, наадамчыг баярлуулж явах болтугай. 

Monday the 26th. Joomla templates 2.5. Custom text here